Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байгааг мэдээллээ.
Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.
Түүнчлэн хохирогч хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалыг нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэх болно.