Японы Китакюсюгийн их сургуулийн инженерүүд Индонезийн нийслэл Жакарта хотоос холгүйхэн нэгэн жижиг байшин барьжээ. Энэ нь ашигласан живхийг бутлан хольсон бетоноор үйлдвэрлэснээрээ онцлогтой гэнэ. Судлаачдын энэ туршилтын талаар Scientific Reports сонин мэдээлсэн байна.
Бетонд агуулагдах элсийг буталсан живхээр солих санааг Сисванти Зураида Жакартын технологийн их сургуульд багшилж байхдаа бодож олжээ. Ядуу, хөгжиж буй орнуудад хүн ам нь тасралтгүй өсөж, хямд орон сууцны эрэлт ч ихээхэн нэмэгддэг. Хүүхэд их байгаа бол тэр хэрээр живх их ашиглана, энэ живхийг хэрхэн ашиглаж болох талаар Сисванити бодож олсон аж.
Ингээд Зураида болон түүний багийнхан ашигласан живхийг угааж, хатааж, нунтаглаад цемент, элс, хайрганд хольсон байна.Ингээд хэд хэдэн туршилт хийхэд живхнээс гарган авсан энэ материалыг бетонд элсний оронд ашиглах боломжтой нь тогтоогджээ. Мөн энэ материал бетоны бат бэх чанарыг огт алдагдуулдаггүй байна.
Судлаачдын барьсан 36 метр квадрат байшинд орох элсэн материалын 27 хувийг живхнээс гарган авчээ. Энэ барилгын материалыг өргөнөөр ашигладаг болвол материалын өртөг багасахаас гадна байгаль орчны бохирдлыг ч шийдэх боломжтой гэж судлаачид онцолсон байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549725