Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб Бригадын генерал Л.Онцгойбаярт онцгой өртэй юм шиг бөхөлзөж, түүний эцэс төгсгөлгүй шуналд “дарагдаж” байна, шуудхан хэлэхэд. Ингэж хэлж байгаагийн учир нь Л.Онцгойбаярын шунал, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиг сонжоо олдог, Батлан хамгаалахын салбарыг талхиж, тоншдог байдал хэрээс хэтрээд байгаа юм л даа.
Өдийгөөс найман жилийн өмнө буюу 2015 онд бригадын генерал Л.Онцгойбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа хугацаат цэргийн албан хаагчдыг хууль бусаар “Номин констракшн” компанид хөлсөлж барилгын ажил хийлгүүлж байсан гэх хэрэгт холбогдож байлаа. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй замхарсан гэж хэлж болно. Үүгээр ч зогсохгүй ЗХЖШ-ын Дотоод хяналт, шалгалтаар Л.Онцгойбаярыг цэргүүдийг өдрийн 20 мянган төгрөгөөр үнэлж, халаасаа түнтийлгэдэг гэдэг тогтоосон ч яаж ч чадахгүй өнөөдөрт хүрлээ. Бүр Л.Онцгойбаярыг тушаал дэвшүүлж, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн штабын даргаар томилоод байна. Тэгвэл балаг нь дуусдаггүй Л.Онцгойбаяр генерал дахиад хооллож буй тогооноо хумсалсан хэрэгт орооцолдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Л.ОНЦГОЙБАЯРЫГ АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, ШАТАХУУН ДУТААСАН ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 14 дэх жилдээ 2021 оны есдүгээр сард зохион байгуулсан байдаг. “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулийг “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар удирдах үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тэгвэл уг хээрийн сургуулийн удирдагчаар ажилласан бригадын генерал Л.Онцгойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургууль зохион байгуулахад төсөвлөсөн шатахууныг зарж, завшсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль онцгой үед зохион байгуулагдаж, олны хүний анхаарлын төвд байж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн гэдгийг мэдэж байгаа байх. Орос-Украины дайны үед Монгол цэргүүд ОХУ-ын цэрэгтэй хамтарсан сургуульд оролцож, олон техник хэрэгсэл Монголын хилээр нэвтэрсэн нь цахим сүлжээнд цацагдсан юм. Хэдийгээр жил болгон зохион байгуулагдддаг байсан хээрийн сургууль ч гэлээ дайны үед гэдгээрээ онцлог болж, олон хүний эгдүүцэл, дургүйцлийг хүргэсэн гэж хэлж болно. Тэгвэл онцгой үед хээрийн сургуулийн захирагчийн үүрэг гүйцэтгэсэн бригадын генерал Л.Онцгойбаяр шатахуун дутаасан хэрэгт холбогдсон гэнэ лээ. Хээрийн сургуульд зориулж төсөвлөсөн шатахуун дутсан гэсэн. Өнгөрсөн 2022 онд Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч акт үйлдэж, Л.Онцгойбаяраар дутсан шатахууны үнийг төлүүлэхээр болсон гэсэн” гэв.
101 САЯ ТӨГРӨГИЙН ШАТАХУУН ДУТАЖ, Л.ОНЦГОЙБАЯРААР ТӨЛҮҮЛЭХ АКТ ҮЙЛДЖЭЭ
ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай, тактикийн хээрийн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа болон материал хэрэгслийн зарцуулалтын байдалд хийсэн төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар хээрийн сургуулийн хэрэгцээнд зарцуулагдсан шатахууны орлого, зарлагын гүйлгээнд ноцтой хэд хэдэн зөрчил илэрчээ.
Тодруулбал, шалгалтаар 13088 литр түлш дутжээ. Бригадын генерал Л.Онцгойбаяр дутсан шатахууныг тайлбарлахдаа “Үлдэгдэл 13088 литр дизель түлшийг зарсан. Ингэхдээ нэг литр түлшийг 1500 төгрөгөөр тооцож, 19.632 төгрөгөөр борлуулсан. Уг төлбөрийн 5.8 сая төгрөгийг хээрийн сургуулийн үед коронавирусийн халдвараар өвдсөн 70 гаруй цэргийн албан хаагчдад эм, тариа авахад зориулсан. Харин 3.9 сая төгрөгийг бай хийхэд зарцуулсан. Үлдэгдэл 10.7 сая төгрөгийг ОХУ-ын генералуудад гарыг бэлэг, дурсгалын зүйл авахад зарцуулсан” гэж тайлбарлажээ. Хэдийгээр Л.Онцгойбаяр генерал ингэж тайлбарласан ч санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны хүчин төгөлдөр баримтуудаар хэлсэн үг нь нотлогдоогүй байна. Харин Иймд Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч акт үйлдэж, дутсан 30100 литр шатахууныг зах зээлийн ханшаар бодож, Л.Онцгойбаяраар 101 сая төгрөг нөхөн төлүүлэх шийдвэр гарчээ.
Ergelt.mn