Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтайн Засаг дарга нарын хэргүүд замхрах уу

Он гарснаас хойш Говь-Алтай аймагт гурван ч удаа томоохон хэрэг гарсан. Энэ хэргүүдэд дандаа Засаг дарга нар холбогдсон нь бүр хачирхалтай. Эдгээрийг эргэн сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа нас барсан байдалтайгаар өөрийнхөө машинаас олдсон юм. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж болон тус аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэлийн үеэр төр захиргааны байранд архидан согтуурч, улмаар 30 настай бүсгүй учир битүүлгээр хорвоог орхисон нь энэ.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр хэрэг замхарсан гэж болно. Үүний дараахан шүүх шинжилгээний байгууллагаас гурван төрлийн дүгнэлт гарсан байдаг. Нэгдүгээрт, талийгаачийн дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талд цус хуралт үүссэн нь мохоо зүйлээр цохисноос  үүдэлтэй. Хоёрдугаарт, амьсгалын зам гаднын биетээр бөглөрч, амьсгал нь бүтсэн. Гуравдугаарт, амьсгал, ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж, нас барсан гэсэн дүгнэлт гарчээ. Ингэхдээ механикаар амьсгал дутагдаж, бөглөрөл үүссэн нь нас баралтын гол шалтгаан байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн бидэнд мэдээлэл өгсөн билээ.
Мөн тэд шүүх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй учраас шүүхэд гомдол гаргасан юм. Түүнчлэн хэрэгтэй холбогдуулан нэг ч хүнийг цагдан хориогүй хэмээн мэдэгдэж байлаа. Харин гэрч болгож Говь-Алтай аймгийн Засаг дарга болон түүний нарийн бичиг, талийгаачийг машинд хүргэж үйлчилсэн залуу, талийгаачийн ажлын газрын эмэгтэй нараас мэдүүлэг авчээ. Бид талийгаач С.Болормаагийн ээж Г.Ундрамтай утсаар холбогдон хэргийн талаар тодруулахад “Одоогоор хэвлэлд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Нөгөө талаас өмнө нь гарсан мэдээллүүдээс илүү зүйл болоогүй. Бид давж заалдаад явж байгаа. 10 гаруй хоногийн дараа хэрэг нэг тийшээ шийдэгдэнэ гэж найдаж байна” хэмээсэн юм. 
ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА ЭХНЭРЭЭ БАЙНГА ХАРДАЖ, ЗОДДОГ БАЙЖЭЭ
Дээрх хэргийн дараахан тус аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Д нь эхнэрийнхээ амийг хөнөөсөн мэдээлэл ил болсон. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын  14-15-нд шилжих шөнө уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед ЦЕГ-аас мэдээлэл хийж, “Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага эмнэлгийн байгууллагаас аймгийн Цагдаагийн газарт ирсэн. Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн аймгийн төвөөс 260 км зайд орших Тонхил суманд очиж, шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хэрэгт холбогдсон Тонхил сумын Засаг дарга нь сэтгэцийн өөрчлөлттэй тул хэрэг хүлээх чадваргүй болох нь тогтоогдлоо. Ийн ял эдлэхгүй өнгөрөх нь” гэх мэдээлэл хөвөрсөн юм. Тонхил сумын Засаг дарга Р.Д нь 16 жил  төрийн алба хашсан бөгөөд үүнээс сүүлийн дөрвөн жилд нь Засаг дарга хийжээ. Тэрбээр мөн эхнэрээ байнга хардаж, зоддог байсан гэнэ. 
“ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА  СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛГҮЙ”
Бид талийгаачийн ойр дотнын хүмүүтэй холбогдож, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэрбээр мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, боломжит мэдээллийг өглөө. 
-Тонхил сумын Засаг даргыг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлт СЭМҮТ-өөс гаргасан гэдэг үнэн үү?
-Шинжилгээний хариу хараахан эцэслэж гараагүй байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй гээд ялаас мултрах гэж байна гэдэг мэдээлэл худал. 16 жил төрийн албанд ажиллаж, сүүлийн дөрвөн жил сумын Засаг дарга хийсэн хүн. Тэгэхээр сэтгэцийн өөрчлөлттэй байх ямар ч үндэслэл байхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа. Тэгэхээр илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэрэг гарах үед Засаг дарга согтуу байсан юм уу?
-Согтуу байсан эсэхийг тогтоогоогүй байгаа. Шүүхийн шинжилгээний хариугаар талийгаач 09:00 цагийн үед хөшчихсөн байсан гэсэн.Эхнэрээ хүүхдүүдийнхээ нүдэн дээр шөнөжингөө зодсон гэх мэдээлэл байгаа. Тэрнээс гаднын хүн гэрт нь ирсэн, өөр газар хэрэг үйлдэгдсэн байх боломжгүй. Мөн шинжилгээний дүгнэлт 07:00 цагийн орчим өнгөрсөн гэж гарсан.  Тэгэхээр 03:00 цагаас хойш дөрвөн цаг орчим тарчлааж, зодсон байгаа юм. 
-Хамгийн анх хохирогчийг хэн олж,  цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бэ?
-Эмч, цагдаа дуудсан хүмүүсийн талаар бид мэдэж байгаа ч энэ талаар мэдээлэл өгмөөргүй байна. Манай ах дүүс олуулаа ч тэр суманд нэг ч хүн байхгүй. Олонх нь хот болон аймгийн төвд байдаг. 
-Нөхөр нь эхнэрээ байнга харддаг байсан гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Байнга зоддог байсан. Сум, аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэл нь байгаа. Сумын ард түмэн ч байнга зодож, харддаг байсныг мэдэж байгаа. 
-Тухайн үед сум, аймгийн цагдаагийн байгууллага хариуцлага тооцдоггүй байсан юм уу. Эсвэл сумын Засаг дарга гэдгээрээ хариуцлага хүлээдэггүй байсан уу?
-Сумын Засаг дарга болчихоод л зоддог болчихсон юм биш. 13 жил ханилахдаа  байнга гар хүрдэг байсан. Ер нь их дээрэлхүү хүн. Сумынхан ч үүнийг гэрчилнэ. 
-Тэднийх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдийг нь одоо хэн харж, хандаж байна вэ?
-3-13 насны гурван хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь сурагч, бага нь гурван настай, сумынхаа цэцэрлэгт явдаг байсан. Одоо хүүхдүүд нөхрийнх нь ээж дээр байгаа. 
-Хэрэг гарах үед ойр орчимд нь хүн байгаагүй юм уу?
-Тэдний хашаанд, бараг хаяанд нөхрийнх нь ээж, аавынх нь төрсөн дүү буюу авга ах нь монгол гэрт амьдардаг. Ээжийнх нь гэр бүр цонхных нь дэргэд байдаг. Хэрэг болдог өдөр тэд бүгд гэртээ байсан. Бид хэрэг гарах үед тэд хамт байсан ч байж магадгүй гэж хардаж байгаа. Бидний хамгийн гомдолтой байгаа зүйл нь тэр хүмүүс дүүг маань тэгтэл зодож байхад яагаад болиулаагүй юм бэ. Шөнө суманд бараг ямар ч машин явахгүй, эл хуль байдаг. Тэгэхээр тийм үед хашаанд нь байгаа айл байтугай гудамжинд ч хэнийд юу болж байгаа нь дуулдана шүү дээ. Авга ах нь 50 гаруй настай.
Тэд бүгд дүлий биш байлтай. Авга ах нь гэртээ гурвуулаа, ээж нь хүүтэйгээ байсан гэсэн. Тэр хүү их сургууль төгссөн, нас биед хүрсэн залуу. Эрүү өвдөг нь нийлсэн чавганц байсан бол дийлэхгүй гэх сэн. Их хөлийн газар биш, хөдөө сум учраас хэдэн цагт маргалдаж, хэдэн цагт хөнөөсөн гэдэг нь ч тодорхой. Ер нь ээж нь гурван хүүхдийг нь сарын 150 мянган төгрөгөөр хардаг байсан гэсэн. Талийгаач сар бүр энэ мөнгийг хадам ээждээ өгдөг байсан. Үүнээс хүүхдийнхээ хүүхдэд яаж ханддаг, ямар сэтгэлгүй хүн бэ гэдэг нь харагдаж байгаа юм.
-Талийгаач ямар ажил хийдэг байсан бэ? 
-Сумынхаа Төрийн банканд эрхлэгч хийдэг байсан. 
-Хохирогчийн ээжийн бие энэ явдлаас хойш их муудсан гэж сонссон?
-Тийм ээ, энэ хэргээс болж бие нь өвдөж, сэтгэл санаа нь хүндхэн байна. 
-Талийгаач ах, дүү хэдүүлээ вэ?
-Арвуулаа. Талийгаач хамгийн отгон нь. 
-Талийгаач нөхөртэйгээ хэрхэн танилцсан бэ?
-Тонхил сумын гаралтай учраас нөхөртэйгээ сумандаа танилцсан. Завханд их сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Дөрвөн жил теллер хийгээд, сүүлийн 11 жил Төрийн банкны эрхлэгч хийсэн. Энэ бол бага хугацаа биш, бас талийгаачийн ямар чадвартай хүн байсан гэдгийг илтгэнэ. Хэрэв ажилдаа муу байсан бол ингэж удаан ажиллахгүй. Айлын отгон хүүхэд учраас хүнд зодуулах нь байтугай, хатуу үг ч сонсож өсөөгүй гэв. 
Энэ хэрэг ямар ч гэсэн мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж. Хэрэг хэрхэн шийдэгдэх талаар бид тухай бүрт нь мэдээлэх болно.
ХАЛИУН СУМЫН ЗАСАГ ДАРГА ӨМНӨ НЬ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ГЭВ
Дээрх хэргийн дараа гарсан өөр нэг цочирдом мэдээ бол тус аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж буй гэх мэдээлэл. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.А гэгч нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Улмаар тус хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг материалжуулан шалгаж байгаа гэж мэдээлэл өгсөн юм. Эх сурвалжууд түүнийг эхнэртэйгээ үл ойлголцсоноос болж, ийм байдалд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Харин албаны эх сурвалжууд хэрэг шалгагдаж байгаа учраас мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тэгвэл албан бус эх сурвалж түүнийг өмнө нь ч хүчингийн хэрэгт холбогдож байсан гэв. 
Дээрх хэргүүдээс болж таван хүүхэд амьдын хагацал үзэж, гурав нь ээжийгээ шороонд, аавыгаа шоронд үдэхэд хүрээд буй юм. Үүгээр хэн нэгнийг харлуулах гэсэнгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, архи, согтууруулах ундаа хэнийг ч ялгахгүй гэдгийг сануулах гэсэн хэрэг.  

Э.Эрдэнэцэцэг
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ