Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медалийг хүртлээ.

Тодруулбал, тулааны төрөлд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд О.Есүгэн алтан медаль, 50 кг-ийн жинд Л.Алтанцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож, “тулаан”, “өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр эрэгтэй 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг, 75 кг, 80 кг, 85 кг, 90 кг, эмэгтэй 50 кг, 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг жингийн ангилалд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Ташрамд мэдээлэхэд, “Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилж, 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй юм.








