http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийнхний хүнсэнд хэрэглэж буй махнаас токсоплазмозын халдвар илэрчээ


Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2025” эрдэм шинжилгээний хурал долоон салбарыг хамран өргөн хүрээнд болж, судалгааны шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтдийн хэд хэдэн судалгааны ажил энэ удаагийнхад шинэлэг, хүн амын эрүүл мэндэд хүнсээр дамжих зоонозын халдварт өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Тухайлбал, тус хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан М.Золжаргал, удирдагч багш, доктор П.Мягмарсүрэн нарын “Хүнсэнд хэрэглэж буй маханд toxoplasma gondii-г молекул биологийн аргаар илрүүлсэн нь” сэдэвт бүтээл шилдгээр шалгарав. Энэ нь энгийн полимеразын гинжин урвалын аргаар махнаас шимэгч хорхойн халдвар илрүүлж, нуклеотидын дарааллыг тогтоон, үр дүнг нь баталгаажуулснаараа онцлогтой.
Тэд судалгаагаа хийхдээ Улаанбаатар хотын 317 цэгээс махны дээж авч, шинжлэхэд таван хувьд нь toxoplasma gondii буюу токсоплазмозын халдвар илэрсэн байна. Уг судалгааны үр дүнд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, түүгээр дамжин халдварлах олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бодлого, шийдэл боловсруулах боломж бүрдсэн гэв. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийнхны “Toxoplasma gondii-ийг полимеразын гинжин урвал болон ийлдэс судлалын аргаар муураас илрүүлсэн судалгаа” ч бас ирээдүйд нийтийн эрүүл мэндийн асуудалд онцгой байр эзэлнэ гэж Шинжлэх ухааны академийнхэн он¬¬цоллоо.
Токсоплазмоз нь эгэл биетнээр үүсгэгддэг бөгөөд эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй тархдаг халдварт өвчин аж. Ихэвчлэн түүхий мах, муурын ялгадсанд оношлогддог. Хүнд халдварладаг хэлбэрүүдээс төрөлхийн токсоплазмоз буюу өвчтэй эхээс хүүхдэд дамждаг нь аюултай. Жирэмсний эхэн үед халдвар авбал ураг эндэх ч эрсдэлтэй гэнэ. Мөн дархлаа суларсан, ийм тогтолцооны өвчтэй хүмүүст булчингийн болон зүрхний эмгэг, хэм алдалт, цус багадалт, уушгины хатгалгаа үүсгэдэг байна.
О.Ундрах
https://www.unuudur.mn/a/278719
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ