
Дэлхий даяар сошиал медиа хэрэглэгчийн тоо өдөр, сараар өсөж, хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг нь болоод буй. Гэвч энэ “ёроолгүй” орон зайд хурдацтай өсөн нэмэгдэх хэрэглээг дагаад хүний эрх, ёс зүй, хариуцлагын тухай ойлголт үгүй болж, нийгмийн сэтгэл зүй тэр хэрээр “эмтэрч”, доройтон мөхөж байна. Тэр дундаа сошиалыг соёлтой хэрэглэж хэвшээгүй манайхан шиг хүмүүс цахим орчинд хүний язгуур эрх ашгийг уландаа гишгэх, улс төржих, тархи угаах, хувийн нууцад нь бүдүүлгээр халдах, нийгмийн сүлжээнд нэгнээ “дүүжлэх, яллах” нь хэвийн үзэгдэл болов. Нэмээд олон дагагчтай, өөрсдийгөө нөлөөлөгч хэмээн өндөрт өргөчихсөн олны танил хүмүүсийн ёс зүйгүй авир, үйлдэл утгаа алдаж, адаг сүүлдээ хүний амь, эрүүл мэндийг “золих” хэмжээнд хүртлээ мөнгөний “боол” болцгоосон нь харамсалтай.
ЁС ЗҮЙГҮЙ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХАСАХ НЬ СӨРӨГ МЭДЭЭЛЛЭЭС ХОЛДУУЛДАГ
АНУ, Британи, Швейцарын эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг өнгөрсөн онд хийсэн нэгэн судалгаагаараа нийгмийн сүлжээнд дүрэм зөрчдөг нөлөөлөгч, хэрэглэгчдийг дагахаа больж, найзаасаа хасаж, хаягаа цэвэрлэснээр тэдэнд чиглэсэн онлайн хандалтыг бууруулах, улмаар тухайн платформоос бүрмөсөн “арчих” боломжтойг тогтоожээ. Эдгээр улсын мэдээллийн болон компьютерын шинжлэх ухааны тэргүүлэх зэргийн доктор, профессорууд Швейцарын Лозанн хотод байрлах Сошиал медиа, өгөгдлийн шинжлэх ухааны лабораторид цахим сүлжээ хэрэглэгчдийн зан төлөв, сошиал платформын бодлого, нөлөөлөгчдийн соёл, мэдээллийн урсгалын хандлагыг өгөгдлийн шинжилгээгээр тогтмол судалдаг юм байна. Тэд энэ удаагийн судалгаандаа юүтүб, инстаграмм, фэйсбүүк, твиттер буюу X-д нэр нөлөөтэй 100 гаруй нөлөөлөгчийн хаягийг дагахаа больсны дараах 18 сарын хугацаанд олон арван мянган хэрэглэгчийн “онлайн хөдөлгөөн”-ийг тандсан байна. Тэгэхэд хэрэглэгчдийн хандлага, зан үйлд илтэд эерэг нөлөө гарч, хүмүүс хоорондоо дайсагналцах нь 24, улс төрийн талаарх ил, далд бохир сурталчилгаа явуулах нь мөн хувиар буурчээ. Улмаар сошиал тэр дундаа X хэрэглэгчдийн сэтгэл ханамж мэдэгдэхүйц дээшилж, илүү эерэг контенттой “нөхөрлөх” болсон байна. Үүнийг дагаад мэдээллийн чанар сайжирч, худал, үнэн нь мэдэгдэхгүй сенсацын оронд итгэл төрүүлэхүйц, баримттай мэдээлэл хуваалцах хандлага нэмэгджээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хортой нөлөөлөгчдийн хаягийг дахин дагаагүй бөгөөд эл үзэл хандлага зургаан сараас дээш хугацаанд тогтвортой байж.
Өөрийн ашигладаг сошиал платформоос энэ мэт ёс зүйгүй, дүрэм зөрчигчдийг хасах нь бусад хэрэглэгчийн анхаарлыг сөрөг мэдээллээс холдуулах, цаашлаад нийгмийн сүлжээний уур амьсгалыг илүү тайван болгоход тустай гэнэ. Жинхэнэ нөлөөлөгч гэдэг нь зүгээр нэг сурталчилгаа явуулдаг, контент бүтээгч гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэгч нэг хүчин зүйл болох нь дээрх судалгаанаас харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, дүрэм журамд захирагддаггүй сошиал олны танилуудыг хязгаарлах нь цахим орчныг эрүүл байлгах, хамгаалах стратеги гэдгийг судалгааны баг онцолжээ. Энэ нь платформын хариуцлага, хэрэглэгчийн сонголт, нөлөөлөгчийн соёл, ёс зүй зэрэг нь ижил хөгжих ёстойг илтгэх аж. Бид ч гэсэн олон дагагчтай, өөрсдийгөө “од” гээд эндүүрчихсэн, дураараа, ёс зүйгүй нөхдүүдийн хаягийг блоклож, байранд нь тавихгүй бол хэрээс хэтрээд буй шүү дээ.
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД НЭГНЭЭ “ДҮҮЖИЛДЭГ” МОНГОЛЧУУД
Одоогоос долоон жилийн өмнө УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал холбогдох хуульд “5000-аас олон дагагчтай сошиал хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэмжээнд тооцно” гэх утгатай зүйл, заалт санаачилж, бүр УИХ-ын хэмжээнд хэлэлцүүлэх хүртлээ өндрийг авхуулсан байдаг. Мэдээж тухайн үед түүний гаргасан уг санал санаачилга хэвлэл мэдээллийнхний эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулж, хуулийн төсөлд багтаагүй. Гэвч эл яриа нийгмийн сүлжээнд тэр чигээрээ нутагшиж, сошиалчид биеэ тоож, эдүгээ бараг иргэн бүр “мэдээллийн агентлагтай” болчихсон цаг. Үүний уршгаар олонхын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цахим орчинд хэн нэгнийг гутаан доромжлох, нэр төрд нь халдах хэрэгсэл болоод удав.
Сошиал хэрэглэгч хүн бүр хүссэн талбартаа пост бичиж, зураг, бичлэг нийтлэх эрхтэй. Харин бусдын орон зайд халдах, дайрч давшлах, бүлэглэн дээрэлхэх, хувийн мэдээллийг нь задруулахыг хуулиар хориглосон байдаг. Даанч иргэд эдгээрийг төдийлөн мэддэггүй. Интернэт орчныг “хуульгүй газар” хэмээн эндүүрэгсэд ихэвчлэн хүний нэр төр, итгэл үнэмшилд бүдүүлгээр халдаж, олны өмнө гутаадаг. ХЭҮКоос гаргасан 2023 оны тайланд иргэд, олон нийтээс ирүүлсэн нийт гомдлын 10 гаруй хувийг цахим доромжлол, гадуурхалт, заналхийлэл эзэлсэн бөгөөд жил ирэх тусам нэмэгдсээр буй гэнэ. Энэ нь дан ганц цахим биш, хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг ч тэд хэлсэн. Бие биеийнхээ хувийн зурвасыг дэлгэх, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй түгээх нь хэвийн зүйл болж. Үүнээс улбаалаад олон хүн сэтгэл зүйн дарамтад орж, нийгмээс тусгаарлагдан, цааш¬лаад амиа хорлох шалтгаан болдгийг ч судлаачид анхааруулсаар ирсэн. Гэтэл сошиал орчин дахь зүй бус үйлдлүүдэд хариуцлага тооцох нь ховор, холбогдох хуулийн хэрэгжилт сул байгааг иргэд хэлж байна.
ХАЛААД НӨМӨРСӨН “ХАДУУР”-ТАЙ ЭМЧ ОЛШИРЧЭЭ
Манайд цахим орчин дахь харилцааг зохицуулсан цөөнгүй хууль бий. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай зэрэг хууль цахим халдлага, нэр төрд халдах, хууль бус мэдээлэл түгээхийг хориглосон тодорхой зохицуулалттай. Харамсалтай нь, хуулиар хамгаалдаг хүний хувийн нууц, эмзэг мэдээллийг задруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох нь ховор тул эмч нар үйлчлүүлэгчдийнхээ өвчний түүх, оношийг зураг хөрөгтэй нь сошиалд нийтэлчихдэг. Багш нь сурагчийнхаа дүн, сурлагын амжилтыг ангийн фэйсбүүк групп, чатуудаар нэг зарладаг. Сэтгүүлчид нь нийгмийн сүлжээнд манлайлал үзүүлэн ажиллаж мэддэггүй. Нөлөөлөгчид нь ч гэж зах замбараагаа алдчихсан. Тэд чанарын баталгаагүй бараа, эм, хүнс, биологийн идэвхт, нэмэлт бүтээгдэхүүнийг хуульгүй арилжиж, хуурамч амлалт өгдөг жишиг тогтоов.
Сошиал олны танилуудын сурталчлан борлуулсан бараа, бүтгээгдэхүүнээс болж хэрэглэгчид хохирсон байж болзошгүй “хэргүүд” ч эхнээсээ ил болсоор байна. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр хэдхэн хоногийн өмнө Б.Дугархүү гэх эмчийн борлуулдаг NMN тэргүүтэй хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хууль бусаар сурталчилсан, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл тараасан зэрэг зөрчил гаргасан нэр бүхий 368 фэйсбүүк хаяг бүртгэлтэй байгааг мэдээлсэн. Түүний хэлснээс үзвэл сошиалын энэ мэт зөрчилтэй хаягуудыг бүртгэсэн болоод “хууль таниулсан” хэмээгээд хаячихдаг аж. Өөрөөр хэлбэл, хүн эмчилдэггүй хэрнээ халаад нөмөрч, “хадуур барьсан” эмч нараар нийгмийн сүлжээ дүүрсэн нь эмгэнэлтэй. Хариуцлагын тогтолцоо хаана хаанаа сул учраас л тэр.
ХУУРАМЧ БАРАА СУРТАЛЧИЛБАЛ 100 МЯНГАН ЮАНИЙ ТОРГУУЛЬТАЙ
Тэгвэл дэлхийн улс орнууд цахим орчны аюулгүй байдалдаа анхаарч, хараа хяналтаа чангатгасаар байна. 2023 онд БНХАУ-ын кибер орон зайг хянах үндэсний газраас шинэ журам боловсруулж, нөлөөлөгчдийг эмийн сурталчилгаа, борлуулалт, хууль, банк санхүү, боловсрол зэрэг мэргэжлийн сэдвээр контент хийх бол заавал тусгай зөвшөөрөл авах зохицуулалттай болгожээ. Энэхүү журмаар нөлөөлөгч, хэрэглэгчид худал мэдээлэл тараах, хуурамч бараа сурталчлах, бусдын нэр төрд халдсан тохиолдолд 100 мянга хүртэлх юань (50 сая төгрөг)-ий торгууль ногдуулж буй аж. Мөн олон нийтийн платформоос хэрэглэгчийг автоматаар хасах, дахин бүртгүүлэхийг хоригложээ.
Сингапур, Өмнөд Солонгос, Европын Холбооны зэрэг улс орнуудад ч адил зохицуулалт үйлчлэх болжээ. Жишээ нь, Европын Холбооны улсад 2022 оноос хэрэгжүүлсэн Дижитал үйлчилгээний тухай хуулиар нийгмийн сүлжээгээр арилжиж буй бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа ил тод байх ёстойг заасан бөгөөд хуурамч мэдээлэл тараасан этгээдэд өндөр торгууль ногдуулж байна. Өмнөд Солонгост тэр дундаа нөлөөлөгчид хуурамч сурталчилгаа явуулбал сошиал хаягийг нь тухайн платформоос бүрмөсөн устгах, дахин контент нийтлэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр нь нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, нөлөөлөгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим соёлыг төлөвшүүлэх үндсэн зорилготой.
Хуулийн хяналт нэг талдаа, харин хэрэглэгчийн боловсрол нөгөө талдаа чухал. Монголд мэдээллийн боловсрол дутмаг, цахим ёс зүйн талаарх ойлголт бараг үгүй тул хүмүүс аливаа мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, хуурамч контент түгээх нь элбэг. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бага ангиас нь цахим ёс зүй, мэдээлийн боловсрол, хуурамч мэдээллийг таних, үнэлэх тухай хичээл заах зайлшгүй шаадлага технологийн эл эринд үүсээд буйг багш нар ч хэлж байна.
Цахим хэрэглэгч бүр өдгөө хувь хүний нууц, нэр төрд халдах нь гэмт хэрэг гэдгийг ухамсарлаж, хуурамч мэдээллийг ялгах, шалгах туршлагаа хөгжүүлэх, нөлөөлөгчдийн элдэв сурталчилгаанд шүүлтүүртэй хандах, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, соёлтой харилцах мэдлэг, ур чадвар эзэмших нь нэн чухал болжээ. Эдгээрийг түрүүн дурдсанчлан боловсролын тогтолцоонд нэвтрүүлж, хэвлэл мэдээллийн болон төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлбэл цахим сүлжээ аяндаа цэгцэрч, хэрэглэгчид ч улам хэрсүүжих юм.
Сошиал медиа иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбар мөнөөс мөн. Гэвч үүнийг соёлгүй, хариуцлагагүйгээр ашиглавал хүний эрх, эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд хүртэл асар муу нөлөө үзүүлэх нь байна шүү дээ. Иймд сошиалыг соёлтой, ёс зүйтэй хэрэглэж, хортой нөлөөлөгчдөд “хориг тавин”, худал мэдээлэл түгээдэг хуудаснуудаас татгалзах нь хувь хүний амар тайван байдлыг өргөөд зогсохгүй эрүүл нийгэм оршин тогтнох үндэс болдгийг эцэст нь тэмдэглэх нь зүйтэй.
https://www.unuudur.mn/a/278668







