Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Урлаг, технологиор цөлжилтийг сааруулж байна

Цөлжилттэй бүсэд лэнд арт хийж олон мянган мод тарьж ургуулж буй “Шамбала инженеринг кампус” хэмээх өвөрмөц нэртэй компанийг энэ удаагийн Zero waste буланд  онцолж байна. Тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа энэ үед тус компани аль хэдийн урлаг технологиор лэнд арт хийн одоогоор “BE HUMAN” буюу “ Байгальд хайртай хүн бай” төслийнхөө хүрээнд 21 мянган мод тарьжээ. Цөлжилттэй тэмцдэг говийнхон 500 сая модыг сүүлийн 20 гаруй жилд тарьсан байна. Тэгвэл Монгол орны бэлчээр нутгийн 78.6 гаруй хувь нь цөлжчихсөн нийгмийн дүрвэгсэд ихтэй, эдийн засаг нь хомсхон ийм үед  “Байгальдаа хайртай  хүн бай” гэсэн агуулга бүхий дөрвөн га орчим талбайг хамарсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн лэнд арт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Төхөмийн хөндийд бий боллоо. Олон улсын нисэх онгоц өдөрт хэдэн арваараа Монгол дээгүүр дайрч өнгөрдөг. Тус онгоцонд яваа хэдэн зуун  зорчигчид сансараас “BE HUMAN ” лэнд артыг хараад сэтгэл нь хөдлөхгүй байхын аргагүй аж. Италын Элчин сайд энэ цэцэрлэгт хүрээлэнг сонирхож өөрийн модоо тариулах захилга өгсөн нь түүний мод бүрт зүүсэн  пайз буюу нэрийн хуудас гэрчлэнэ.

Энэ мэт олон арван хүн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийнхөө  дурсгалд зориулан мод тариулжээ. “Шамбала инженеринг кампус” ХХК нь 2016 онд ногоон байгууламж, ландшафт, зүлэгжүүлэлтийн чиглэлээр байгуулагдаж 20 гаруй компанитай хамтран ажиллаж 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж яваа юм байна. Тус компани  ”BE HUMAN ” төслөө 2020 оны тавдугаар сард эхлүүлж энэ оны долдугаар сарын эхээр дуусгажээ. Кординатын нарийн хуваагдлаар, тогтвортой ногоон стандарыг баримтлан зураг төслийн дагуу модоо тарьсан нь ийнхүү хүмүүсийн сонирхлыг ихэд татсан аж. Нийт 400 сая төгрөгийн санхүүжилттэй. Үүнээс 100 сая төгрөгийг иргэдээс мод тариулах хүсэлтийн  хүрээнд бүрдүүлсэн бол үлдсэнийг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлжээ. Улсаас болон олон улсын байгууллагаас нэг ч төгрөг, хандив аваагүй гэж тус компанийн ерөнхий захирал Б.Шижирбат ярьсан юм. Тэрбээр “Зүгээр нэг мод тарихдаа биш. Хүмүүст урлагаар дамжуулан оюун санааны өөрчлөлт үзүүлэхийг зорьсон. Ургуулахад учир бий”гээд цааш ярихдаа “Хамгийн гол нь иргэдийн сэтгэл санаанд  өөрчлөлт хийх ёстой. Тиймээс бид урлаг технологиор дамжуулан  хүмүүсийн оюун санаанд нөлөөлж  байгаль экологийн талаар ойлголттой болгох, эх дэлхийгээ, эх орноо хайрлах сэтгэлтэй байхад тэрбум байтугай модыг ургуулна гэсэн агуулгаар төслөө хэрэгжүүлдэг. Ирэх жилийн долдугаар сарын 11-нд  бид “Урлаг технологийн эзэнт гүрэн” хэмээх төслөө хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд 27 мянган мод тарина. Түүнчлэн 2023 онд “Интернешнел гарден” төслөө хэрэгжүүлнэ. Энэ төсөл 10 орчим га талбайг хамарна. Үндсэндээ олон улсын цэцэрлэгт хүрээлэн бий болж 200 орчим мянган мод тарина. Манайх 2016-2056 он хүртэл ийм маягаар 10 орчим төсөл хэрэгжүүлж  нэг сая 750 мянган модыг тогтвортой ногоон байгууламжтай нь хамт байгуулахаар зорилго тавьсан” гэв. Шамбала гэдэг нь  “Оюун санааны амгаланг баригч газрын диваажин” гэсэн утга төгөлдөр үг аж. 
 
МОД ТАРИХЫН ӨМНӨ НОГООН ЭКО ДЭД БҮТЦЭЭ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ 
Эдний 2020 онд тарьж эхэлсэн мод өнөөдөр 20 орчим см ургажээ. Мэдээж говьд усны асуудал ярвигтай. Гэхдээ эднийх бүх зүйлээ тэг хаягдалтай  байхаар дэд бүтцээ шийдсэн байна. Хамгийн түрүүнд  нарны сэргээгдэх эрчим хүч ашиглан гүний худаг ажиллуулж усаа гарган авчээ. Кординатын дагуу бүх модонд хүрэлцэж байхаар усжуулалтын систем суурилуулж. Түүнчлэн цас, борооны ус ашиглах танкуудыг хаягдал пластик, гялгар уут ашиглан дахин боловсруулж хийжээ. Мөн малын өтөг бууц, хүнсний ногооны хаягдал ногоо, хальс зэргээр бордоогоо хийсэн байв. Говьд салхи, шуурга ихтэй учраас нэг метр 60 см- ийн өндөртэй ган хашааг бетон суурь цутгаж хийсэн нь  дөнгөж ургаж буй нялх моднуудад нөмөртэйгээс гадна зэвэрдэггүй бат бөх байдаг тухай тэд ярьсан. Эднийх голдуу хайлаас мод тарьдаг. Хайлаасны үрээр тарьсан бортогтой суулгацаа Налайхын “Ногоон хаш”, “Ойм” зэрэг компаниудаас авдаг гэсэн. Үрээр ургуулсан  гурван ширхэг хайлаасны суулгацыг нэг бортогонд багтаадаг. Өнгөрсөн онд нэг суулгацын үнэ том жижгээс шалтгаалан ойролцоогоор 3600 төрөг байсан бол энэ жил 5600 төгрөг болж өсчээ. Мод ихээр тарьж эхэлмэгц ойролцоох газрын зүлэг ногоо ургаж ус ихээр агуулдаг дэрс олноор  бий болсон зэрэг эерэг үр дүн гарчээ. Мод тарих нэрээр ирээдүй хойч үеийн уух усыг гамгүй хэрэглэж болохгүй. Тиймээс усны хэрэглээг хамгийн бага байлгахад анхаардаг. Нар, салхины эрчим хүчийг ашиглахад эхний хөрөнгө оруулалт өндөр байдаг ч урт хугацаандаа өгөөжтэй гэлээ. Технологийн шийдлээр гар утаснаасаа талбайгаа хянаж түүнчлэн аль хэсэгт усны хэрэглээ, чийг их, бага байгааг хэмждэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл, оффиссоос талбайгаа хянадаг ажээ.
 
Төсөл хэрэгжих үед 100 гаруй хүн ажилладаг бол бусад үед талбайд 3-4 хүн, Улаанбаатарт бизнес хөгжүүлэлтийн 10 орчим хүн байнга ажилладаг юм байна. Байгаль орчинтой нийгэм, эдийн засаг нягт уялдаж байж тухайн улс хөгждөг. Ялангуяа тогтвортой ногоон байгууламжийг  бэлчээр нь цөлжсөн газар бүрт  бий болгох нь хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, экологийн дүрвэгсэд Улаанбаатараас буцаад хөдөөг зорьдог байхад чиглэх ёстой. Шамбала компанид Эрдэнэ сумын 40 орчим хүн ажилладаг юм байна. Дунд хугацаандаа 2030 он гэхэд Төхөмийн хөндийн 50 мянган га газар тэр чигтээ ногоон байгууламж бүхий арт лэнд цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болж олон хүн амарч зугаалан өөрийнхөө тарьсан модны сүүдэрт тухалж үүнийгээ дагаад худалдаа үйлчилгээний газар нээгдэж аялал жуулчлалын бүс бий болох нь дамжиггүй. Шинэ жилээр цөлжилтийг сааруулъя уриатай  хайртай дотны хүндээ гацуур мод бэлэглэж говьд өөрийн гэсэн гацууртай болох ажлыг  эхлүүлсэн байна лээ.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ