Одоогоос нэг жилийн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр нийслэл хот орчимд угаар, шатамхай хий мэт зүйл тархаж, албаныхан шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтын дүнд уг үнэр нь Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг бохирын шугамын худаг руу асгасан болох нь тогтоогдсон байдаг.
Энэ хэрэгт Экологийн цагдаагийн албанаас тус компани нь зориулалтын бус газар болох Улаанбаатар хотын бохирын төв шугамд асгасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ оны хоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэвч өнгөрсөн хугацаанд шүүхээс энэ хэргийг хоёр удаа прокурорт буцааж шийдвэрлэж байсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт прокуророос дахин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
Прокуророос автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар буюу хэрэглээний бохир усыг татан төв коллектор шугам руу хаясан, улмаар өмхий үнэр хотод тархсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.