Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.08.30/ хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцжээ.
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад түшиглэн цахилгааныг 300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөх төслийг эрчимжүүлэх шийдвэр гарсан байна.
Хэлэлцээрийн төслийг боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайдад хүргүүлжээ.
Тус улсын Эрчим хүчний яамнаас хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдын саналыг тусгаад өнгөрсөн долоодугаар сард манай талд хариу ирүүлсэн аж. Хоёр улсын Эрчим хүчний яамд энэ сард харилцан зөвшилцөж, хамтран ажилласан гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Уг хэлэлцээрийн төсөл нийт 11 зүйлтэй.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1x50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4x12 МВт) блок станцыг буулгаж, сууринд нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг, төсөл боловсруулна.
Инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС-3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компанийг томилно.
Зураг төсөл боловсруулах ажлын үр дүнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай тохиролцох нөхцөлийг бүрдүүлэх суурь баримт бичиг болно хэмээн сайд танилцууллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх мягмар гарагт манай улсад айлчилна. Иймд түүний айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахын тулд төслийг УИХ-д яаралтай оруулав.Байнгын хуралдаанд оролцсон олон гишүүн энэ төсөлд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир хуралдаан болохоос ганцхан цагийн өмнө бидэнд материал тараагаад шийдүүлэх гэж байгаа нь буруу гэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цахим шуудангаар энэ төслийг гишүүд рүү 28-ны өдөр илгээсэн.
Намрын чуулганаар энэ хэлэлцээрийг батлах тов байсан ч Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн гэж хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүд энэ гэрээ биш, тулган шаардах бичиг байна гэсэн юм. Учир нь гэрээнд “Орос хэлийг давуу байдал болгоно. Монголын хууль тогтоомжийг мөрдөхгүй” гэсэн заалтууд багтжээ. Төсөл хэрэгжүүлэх компанийг Монголд зарлах нөхцөлийг ч хойд хөрш хүлээн аваагүй байна.
Төслийг 2022 оноос Засгийн газар оросын талтай хэлэлцэж эхэлжээ. Үүнээс хойш ТЭЗҮ-ийг манай тал өөрийн хөрөнгөөр хийж дуусгажээ. ОХУ ТЭЗҮ-д үндэслэн төслийн нийт өртөг 1 тэрбум 326 сая евро болно гэж тооцоолсон байна.
Эрчим хүчний сайд ОХУ-ын Сангийн сайдтай энэ төслийн талаар гурван удаа уулзаж хэлэлцжээ. Б.Чойжилсүрэн сайд " Бидний байгаа царай л энэ. Бид өөрсдөө ТЭЗҮ-гээ хийх мөнгөтэй байсан бол хүнээс гуйхгүй. Манай эрчим хүч эрэлтээ дийлэхгүй байна" гэв.
Төслийн нийт өртөг 1.3 тэрбум евро буюу 4.8 их наяд төгрөг байгаа нь өндөр үнэ, рублийн зээл атлаа яагаад еврогоор илэрхийлэв хэмээн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Энэ зээлийн жилийн хүү нь 2 хувь буюу харьцангуй бага. Одоо дэлхийн бусад улсаас зээл авахад хамгийн бага хүү нь 10 болсон. Зээлийн хугацаа 20 жил, эхний 5 жилд төлбөрөөс чөлөөлсөн. Мөн манай эдийн засаг урд хөршөөс ихээхэн хамааралтай болсон үед үед тэнцвэрийг хадгалах нь зөв гэж ҮАБЗ үзэж, энэ хэлэлцээрийг дэмжсэн" гэв.
Ийнхүү хэлэлцсэний дараа Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжжээ.
Төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.